12 сарын 1 бол Хүний дархлал хомсдолын вирүстэй (ХДХВ/ДОХ) тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан НҮБ-ын Нью-Йорк дахь албан төлөөлөгч Сезар Нуньес мэдэгдэл хийхдээ “Хатуу ч гэсэн бодит байдалд анхаарлаа хандуулахыг бид дэлхий нийтэд уриалж байна. Хүн төрөлхтөн 2030 он гэхэд ДОХ-ыг ялж чадахгүй. Үүний гол шалтгаан бол тэгш бус байдал. Эмнэлгийн үйлчилгээ, эм тариа бүгдэд хүртээмжтэй байх ёстой, мөн хүний тэгш эрхийг мөрдөх ёстой. Зөвхөн үүний дараа л бид ДОХ-ыг ялж чадна. Өнөөдөр 20 сая гаруй хүнд эмчилгээ шаардлагатай байна. 7 хоног тутам ДОХ-оор 13 мянга гаруй хүн нас бардаг. Ирэх 10 жилд энэ өвчнөөр дэлхийн хүн амын 7 сая гаруй нь нас барах магадлалтай. 2021 онд ДОХ-оор 650 мянган хүн нас барж 1,5 сая хүн халдвар авчээ. Голдуу Африкийн иргэд энэ өвчнөөр өвчилж байна. Ялангуяа өсвөр насны охид, залуу бүсгүйчүүд их өвчилдөг. 15-24 насных хөвгүүд, залуустай харьцуулахад охид, бүсгүйчүүд 3 дахин их халдвар авч өвчилдөг” хэмээжээ. ДОХ анх дэгдсэнээс хойш дэлхийн 84,2 сая хүн энэ өвчнөөр өвчилжээ. 2021 оны сүүлээр 38,4 сая хүн ДОХ-ын халдвартай байсан гэсэн тоог албаны хүмүүс хэлж байна.
“UNITAID”-н удирдах зөвлөлийн гишүүн Морин Муренга “ДОХ-ын эмчилгээ бүгдэд хүрч чадахгүй байгаа ч халдварыг илрүүлэх тал дээр дэвшил гарсан. Одоо хүмүүс тестээр өөрсдийгөө шалгаж болно, ганцаараа... Санхүүжилтийн хомсдолоос болж ДОХ-ыг бүрмөсөн устгаж чадахгүй байгаа. Иймээс энэ оны сүүл гэхэд 35 сая долларын хөрөнгө оруулалт хийхийг уриалж байна. Мөн 2023 онд төсвөө 210 сая доллар болгож нэмэгдүүлэх ёстой” хэмээн мэдэгдэв. Зарим орон энэ уриалгыг хүлээн авсан, тухайлбал Герман улс 500 сая евро хандивлана гэж амлав. Харин Нидерланд ирэх 3 жилийн турш санхүүжилтээ 15% нэмэгдүүлнэ гэж мэдэгдлээ.