Хэтрүүлж идэх, буруу хооллох зэрэг нь нойр булчирхайд маш их сөрөг нөлөөтэй. Нойр булчирхайд асуудал үүссэн шинж тэмдгээс тоочвол: гэдэс хүчтэй өвдөх, нүдний цагаан шарлах, гэдэс дүүрэх, гүйлгэх, халуурах.
Хийжүүлсэн ундаа: Энэ бол хамгийн хор хөнөөлтэй хүнс, түүний бүтцэд асар олон тооны химийн элемент, будагч бодисууд, саахар агуулагддаг. Иймээс хийжүүлсэн ундаа нь нойр булчирхайн өвчинтэй бүү хэл эрүүл хүмүүст ч сайнгүй.
Амттан: Чихэрлэг хүнс, амттанг хэтрүүлж хэрэглэх нь нойр булчирхайг хэт ачаалалд оруулж хожим чихрийн шижин үүсгэх эрсдэлтэй. Саахартай хүнс хэрэглэсний дараа цусан дахь глюкозын түвшин эрс нэмэгдэж инсулин эрчимтэй ялгаруулахыг шаарддаг. Ялангуяа бялуу, мөхөөлдөс зэрэг саахар, өөх тосыг хоёуланг агуулсан хүнс илүү хор хөнөөлтэй.
Хоолны давс: Давсыг хэтрүүлж хэрэглэснээр биед шингэн хуримтлагдах, даралт ихдэх зэрэг уршиг дагавартай, улмаар судсуудад таагүй нөлөөлдөг.
Эдгээрээс гадна өөхтэй мах, шарсан мах, шорлог, утсан хүнс, хэт их халуун ногоотой хоол, майонез, маргарин, мөөг, сармис зэрэг нь нойр булчирхайд сөргөөр нөлөөлдөг.