Амьдралын суугаа хэв маяг ямар сөрөг нөлөөтэйг бүгд мэднэ. Харин Австралийн эрдэмтэд суугаа ажлын сөрөг нөлөөг багасгах арга олжээ. Эрдэмтдийн явуулсан судалгаанд 45 мянга гаруй хүн оролцсон аж. Сайн дурын оролцогчид шинжилгээ өгч тестэд хамрагдаж байснаас гадна хөдөлгөөний идэвхийг хэмжих фитнес-бугуйвч зүүж байв.
“Бид үр дүнг нэгтгэсний эцэст дараах дүгнэлтэд хүрлээ. Өдөрт 30-40 минут дасгал хийх зэргээр идэвхтэй хөдөлсний дүнд 10 цаг эсвэл бүтэн өдөр албан тасалгаанд суусны уршиг дагаврыг арилгах боломжтой. Бие махбодид хөдөлгөөний бүхий л төрөл таатай нөлөөлдөг байлаа. Явган алхах, лифт ашиглалгүй шатаар өгсөх буух, гэрийн тэжээмэл амьтантай тоглох ба зугаалах, йог, бүжиг гэх зэргээр хөдлөх боломж бүрийг бүү алдаарай. Энэ нь хөдөлгөөний хомсдолтой холбоотой өвчин тусах эрсдэлийг бууруулдаг аж” хэмээн эрдэмтэд зөвлөлөө. Сиднейн их сургуулийн эрдэмтдийн судалгааг “British Journal of Sports Medicine” сэтгүүл нийтэлжээ.